Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар гаргасан)
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ.
Хөвсгөл аймгийн нутгаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 45 хувьд дунд зэргийн эрсдэлтэй, 38 хувьд их, 11 хувьд нэн их эрсдэлтэй зэрэглэлд хамрагдаж гарсан байна.
Зуд болох нэн их эрсдэлтэй сумдад Цэцэрлэг, Төмөрбулаг, Галт сумд, их эрсдэлтэй сумдад Цагаан-Уул, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Жаргалант, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант сумд, Арбулаг, Түнэл, Тариалан сумдын зарим багийн нутаг хамрагдаж байна.
Энэ жил нийт нутгаар сэрүүн, ялангуяа 7 дугаар сард олон жилийн дунджаас 1.1-3.7 градусаар сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан нь бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, нэгжийн ургац арви муутай гарч, улмаар бэлчээрийн даац хэтэрч гарах үндсэн нөхцөл болсон. Мөн хур тунадас хангалттай орж, зуншлага сайн байсан зарим нутагт даац хэтэрч гарсан нь малын тоо ахиу байгаатай холбоотой.
УЦУОСМХ-гийн Орчил Урсгал, Урт Хугацааны Прогнозын Судалгааны Хэлтэс (ОУУХПСХ)-ээс гаргасан 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас хүйтэн, хур тунадасны хувьд нутгийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна.
Цаашид цас орох, зузаан нь нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
Хөвсгөл аймгийн УЦУОШТөв
2022-12-05