Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 6 дугаар сарын эхний арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн төв болон зүүн өмнөд хэсгээр 12.1-16.6 градус, бусад нутгаар 7.8-12.0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу нутгийн төв болон Цэцэрлэг сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.1-2.6 градусаар хүйтэн байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-20 градус, бусад нутгаар шөнөдөө 7-14 градус, өдөртөө 20-28 градус дулаан байсан бол 4, 5, 9, 10-нд ихэнх нутгаар сэрүүвтэр байв.
Тунадас: 1, 3, 7, 8, 10-нд зарим нутгаар 0.0-10.0мм, 2, 6, 9-нд ихэнх нутгаар 0.0-12.0мм бороо, аадар бороо оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Дархадын хотгор болон Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Алаг-Эрдэнэ, Тариалан, Түнэл, Цагаан-Үүр сумдын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага тунадас (2 дугаар зураг) орсон.
Салхи: 4, 5, 8-нд баруунаасаа 3-8м/с, бусад хугацаанд 5-10м/с, 2, 6-нд ихэнх нутгаар түр зуур 12-31м/с, бусад хугацаанд зарим нутгаар түр зуур 11-16м/с хүрч ширүүсэв.
Бэлчээрийн ургамлын ургалт: 6 дугаар сарын 10-ны байдлаар ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал хэвийн, Цэцэрлэг, Хатгал сумдын зарим багийн нутгаар дунд (3 дугаар зураг) байна.