Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 2 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон Идэр, Тэс, Бэлтэс, Үүрийн голуудын хөндийгөөр 14.1-22.4 градус, бусад нутгаар 7.1-14.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу Цэцэрлэг сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.9-6.3 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр Дархадын хотгор, Цэцэрлэг орчмоор шөнөдөө 25-35 градус, өдөртөө 15-21 градус, Идэр, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 18-25 градус, өдөртөө 3-10 градус хүйтэн байсан бол хугацааны эцсээр хүйтний эрч сулрав.
Тунадас: 21-нд Рашаантад 0.0мм, 27-нд зарим нутгаар 0.0-1.0мм цас оров. (2 дугаар зураг). Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Рашаант сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Хугацааны эхээр баруунаас 0-10м/с, хугацааны эцсээр баруун хойноос 1-14м/с, зарим нутгаар түр зуур 11-20м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 2 дугаар сарын 28-ны байдлаар цасны дундаж зузаан Дархадын хотгор болон Цагаан-Үүр сумдын нутгаар 11-15см, нягт нь 0,10-0,21гр/см3, нутгийн баруун, хойд, зүүн хойд хэсгээр 5-10см, нягт нь 0,10-0,16гр/см3, бусад нутгаар 0-4см цастай, Бүрэнтогтох, Мөрөн, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт сумдын төвөөр цасгүй (3 дугаар зураг) байна.