Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 2 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр -20.1...-26.7 градус, бусад нутгаар -13.8...-20.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Шинэ-Идэр, Ханх сумдад олон жилийн дунджаас 1.1-1.7 градус хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага зэрэг дулаан байлаа.
11,12-нд нийт нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 0...-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 0...+6 градус хүрч дулаарсан бол 17-ноос хүйтний эрч эрс чангарсан байна. Нийт сумдын нутгаар 2-7 хоног -30 градусыг давж хүйтэрчээ.
Тунадас: 12, 16-нд нийт нутгаар 0.0-5.0мм, 17-нд нутгийн баруун, өмнөд, зүүн хойд хэсгээр 0.0-3.0мм, 18-нд нутгийн зүүн хойд хэсгээр 0.0-1.0мм цас (2 дугаар зураг) орлоо. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Чандмань-Өндөр сумын нутгаар олон жилийн дунджаас бага, Тосонцэнгэл сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас оров.
Цасан бүрхүүл: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 20-ны байдлаар Дархадын хотгор, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Цагаан-Уул, Жаргалант, Шинэ-Идэр, Галт сумдын нутаг, Баянзүрх, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Рашаант сумдын зарим багийн нутгаар 20,1-52,0 см, цасны нягт нь 0.19-0.45гр/см3, бусад нутгаар 2-20 см, цасны нягт нь 0.10-0.19гр/см3 (3 дугаар зураг) байна.
2 дугаар сарын дунд арав хоногийн байдлаар Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гээс зудын байдалд үнэлгээ хийхэд Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант цасны нягт 0.35-0.45 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудын, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Алаг-Эрдэнэ сумд зузаан цастайн улмаас цагаан зудын, Цагааннуур, Эрдэнэбулган сумдад цагаанаар зудархуу байдалтай байна.