Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн нутгаар урсах судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар усны түвшний болон мөсний үзэгдлийн мэдээ
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн ус судлалын харуулуудын ажиглалтын цэгийн мэдээгээр:
11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар ихэнх гол мөрөнд, нууруудад мөсөн зах үүсэх, зайр гүйх, жижиг голууд хадаалах зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голд мөсөн зах үүсэх болон шингэн зайр гүйх мөсний үзэгдэл ажиглагдаж, усны түвшин дунджаас 5 см-ээр бага байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол Галт сумын Зүрх баг орчимд мөсөн зах, шингэн зайр гүйх зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байна. Усны түвшин нь дунджаас 10 см-ээр бага байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг гол Хатгал тосгон орчимд мөсөн зах үүссэн, усны түвшин дунджаас 10 см-ээр бага болоод байна. Харин Эрдэнэбулган сум орчимд Эг голд мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байгаа бөгөөд усны түвшин нь дунджаас 5 см-ээр бага байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн сум Хилэнтийн гүүр орчимд мөсөн захтай болсон, шингэн зайр урсаж байна. Усны түвшин нь дунджаас 20 см-ээр бага байна.
- Үүр гол Цагаан-Үүр сумын төмөр бетонон гүүр орчимд мөсөн зах үүссэн, дунд зэргийн зайр урсаж байна.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд хадаалж мөсөн бүрхүүлтэй болсон. Усны түвшин нь дунджийн орчим байна.
- Бүгсий гол Төмөрбулаг сумын төв орчимд мөсөн захтай болсон бөгөөд усны түвшин нь дунджийн орчим байна.
- Шишхэд гол Рэнчинлхүмбэ сум орчимд мөсөн захтай болсон, зайр урсаж байна. Усны түвшин нь дунджаас 25 см-ээр бага байна.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийн анхааралд жижиг голууд хадаалж мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөс бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна. Мөн томоохон гол мөрнүүдэд зайр хахсаны улмаас усны түвшин огцом нэмэгдэж аюултай байгаа тул болзошгүй усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
ХӨВСГӨЛ УЦУОШТ, УС СУДЛАЛЫН ӨРТӨӨ