Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 4 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг мөн Шинэ-Идэр, Жаргалант сумдын нутгаар 0.5 градус хүйтнээс 3.5 градус дулаан, бусад нутгаар 3.6-7.6 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.1-2.8 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байлаа.
Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -2...-9 градус хүйтэн, өдөртөө +1...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө +2...+10 градус дулаан байсан бол 29-нөөс нийт нутгаар дулаарав.
Тунадас: 21-нд Улаан-Уул, Цагаан-Уулд 0.0мм, 22, 24-нд зарим газраар 0.0-2.0мм, 23, 25, 26-нд ихэнх нутгаар 0.0-4.0мм, 27-нд Шинэ-Идэрт, 30-нд Цагааннуурт 0.0мм хур тунадас (2 дугаар зураг) оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цагааннуур, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Жаргалант сумдын нутгаар дунджаас ахиу, Цэцэрлэг, Төмөрбулаг сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Их төлөв баруунаас секундэд 5-10 метр, хугацааны эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар үе үе 12-23м/с, бусад хугацаанд зарим нутгаар үе үе 11-16м/с хүрч ширүүсэв.
Бэлчээрийн ургамал: Ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 30-ны байдлаар Дархадын хотгор болон Хатгал, Арбулаг сумдын нутгаар цухуйгаагүй, Чандмань-Өндөр орчмоор дунд буюу ургамал оройтож цухуйсан, бусад нутгаар ургалт хэвийн (3 дугаар зураг) байна.