Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 12 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр 20.5-29.7 градус, бусад нутгаар 14.4-20.4 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн өмнө хэсэг болон Цагааннуур, Улаан-Уул сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.2-2.7 градус дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байсан бол 25-наас хүйтэрч Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -32...-40 градус, өдөртөө -18...-32 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-30 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байв.
Тунадас: 23, 24-нд ихэнх нутгаар 0.0-5.0мм, 21, 25, 27-нд зарим газраар 0.0-1.2мм, 28-нд Галтад 0.0мм цас (2 дугаар зураг) орсон. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэрлэг, Цагаан-Уул сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: Нутгийн баруун, өмнө хэсгээр баруунаас 5-12м/с, 21, 27-нд зарим нутгаар үе үе 11-15м/с хүрч салхилсан бол хугацааны сүүлчээр ихэнх нутгаар тогтуун байлаа.
Цасан бүрхүүл: 12 дугаар сарын 31-ний байдлаар цасны дундаж зузаан өндөрлөг уулсаар 20см-ээс их, Цагаан-Үүр сумын нутгаар 16-20см, нягт нь 0,14гр/см3, нутгийн хойд болон зүүн хойд хэсгээр 11-15см, нягт нь 0,11-0,23гр/см3, Цэцэрлэг, Улаан-Уул, Арбулаг, Тариалан сумдын нутгаар 6-10см, нягт нь 0,10-0,20гр/см3, бусад нутгаар 1-5см цастай (3 дугаар зураг) байна.