Урьдчилсан мэдээ > Улирлын төлөв

Улирлын төлөв

Шинэчлэгдсэн: 2023-06-08 06:12:18

2023 ОНЫ VII САРААС IX САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ТАНЫ АНХААРАЛД

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Цаг Агаар, Орчны Тоон Загварчлал, Судалгааны Хэлтэс (ЦАОТЗСХ)-ээс 2023 оны 7 дугаар сараас 9 дүгээр саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.

Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-аас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Долоодугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар нутгийн баруун ба хойд хэсгээр +8...+14°С, бусад нутгаар +14...+20°С дулаан байдаг. Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар аймгийн нутгаар 60-100мм ордог байна. 7 дугаар сарын агаарын дундаж температур болон нийлбэр хур тунадас аймгийн нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй (Зураг 1, 2).

Наймдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар нутгийн баруун ба хойд хэсгээр +8…+12°C, бусад нутгаар +13...+19°C дулаан байдаг. Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар аймгийн нутгаар 50–100мм ордог байна. 8 дугаар сарын агаарын дундаж температур аймгийн нутгаар ОЖД-аас дулаан, нийлбэр хур тунадас ОЖД-ийн орчим орох төлөвтэй (Зураг 3, 4).

Есдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн зүүн өмнөд хэсгээр 8...12°С, бусад нутгаар 4...8°С дулаан, сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар нутгийн хойд хагаст 25–40 мм, бусад нутгаар 10–25 мм хур тунадас ордог байна. 9 дүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, сарын нийлбэр хур нийт нутгаар ОЖД–аас бага байх төлөвтэй байна (Зураг 5, 6).

ЗӨВЛӨМЖ

Улирлын ихэнх хугацаанд агаарын температур ОЖД-аас дулаан бөгөөд хур тунадас ОЖД-ийн орчим байх төлөвтэй тул зуны улирлын агаар, хөрсний хэт халалт, хуурайшил болох буюу түүнээс үүдэлтэй болзошгүй аюул, ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна.