Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 12 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр -21.1...-28.0 градус, бусад нутгаар -15.0...-21.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Шинэ-Идэр, Галт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.1-6.2 градусаар дулаан байлаа.
21, 22-нд нийт нутгаар хүйтэн байсан бол 23-наас хүйтний эрч суларч Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -23...-32 градус, өдөртөө -14...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-25 градус, өдөртөө -4...-14 градус хүйтэн байлаа.
Тунадас: 22-нд Цэцэрлэгт 0.3мм, 23, 24, 27-нд Цагааннуурт 0.0-0.2мм, 28-нд Ренчинлхүмбэд 0.0мм, 29-нд нийт нутгаар 0.0-5.4мм, 30-нд зарим газраар 0.0-1.0мм, 31-нд ихэнх нутгаар 0.0-2.0мм цас (2 дугаар зураг) орлоо. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Цэцэрлэг, Бүрэнтогтох, Галт сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 2-10м/с, 23, 29-нд зарим нутгаар, 31-нд Шинэ-Идэрт түр зуур 12-17м/с хүрч ширүүсэн явган цасан шуурга шуурав.
Цасан бүрхүүл: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 31-ний байдлаар Цагаан-Үүр, Улаан-Уул, Цэцэрлэг, Цагаан-Уул, Жаргалант сумдын нутгаар 20,1-50,0 см, цасны нягт нь 0.12-0.41гр/см3, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Баянзүрх, Эрдэнэбулган, Галт, Шинэ-Идэр сумдаар 10,1-20,0 см, 0.12-0.18гр/см3, бусад нутгаар 2-10 см зузаан цастай (3 дугаар зураг) байв.
12 дугаар сарын сүүлчийн арав хоногийн байдлаар Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гээс зудын байдалд үнэлгээ хийхэд Цагаан-Уул, Цэцэрлэг цасны нягт 0.35-0.47гр/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, Жаргалант, Улаан-Уул сумд зузаан цастай нь улмаас цагаан зудын, Баянзүрх, Цагаан-Үүр, Шинэ-Идэр сумдад цагаанаар зудархуу байдалтай байна.