Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 1 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр -22.1...-31.8 градус, бусад нутгаар -14.9...-22.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Ханх, Рэнчинлхүмбэ сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.3-8.1 градусаар дулаан байлаа.
12-нд өдөртөө нийт нутгаар дулаан байсан бол бусад хугацаанд Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -30...42 градус, өдөртөө -18...-33 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-33 градус, өдөртөө -10...-22 градус хүйтэн байв.
Тунадас: 12, 16-нд зарим, 17, 18, 19-нд ихэнх нутгаар 0.0-3.0 мм цас (2 дугаар зураг) орлоо. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн баруун болон хойд хэсэг мөн Чандмань-Өндөр, Тосонцэнгэл сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: Хугацааны эхээр нийт нутгаар 3-12м/с, 12, 13-нд зарим нутгаар түр зуур 12-18м/с, 15-нд Хатгал орчмоор, 16-нд нутгийн баруун, өмнө хэсгээр баруунаас 5-11м/с, Цэцэрлэгт түр зуур 13м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 1 дүгээр сарын 20-ны байдлаар цасны дундаж зузаан Улаан-Уул, Жаргалант, Галт сумдын нутгаар 20.1 см-ээс зузаан, цасны нягт нь 0.14-0.28гр/см3, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Цагаан-Үүр сумдад 10.1-20.0см 0.13-0.27гр/см3 , бусад нутгаар 2.0-10.0 см зузаан цастай (3 дугаар зураг) байв.
1 дүгээр сарын дунд арав хоногийн байдлаар Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гээс зудын байдалд үнэлгээ хийхэд Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг сумд зузаан цастай нь улмаас цагаан зудын, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Галт, Мөрөн, Цагаан-Үүр сумдад цагаанаар зудархуу байдалтай байна.