Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 5 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 1.8-5.0 градус, бусад нутгаар 5.1-9.9 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас 1.5-3.9 градусаар хүйтэн байлаа.
11, 12, 13, 17-нд өдөртөө ихэнх нутгаар +12...+22 градус хүрч дулаарсан бол бусад хугацаанд сэрүүсэж нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +7...+12 градус дулаан байв.
Тунадас: 15-нд нийт, 11, 16, 18-нд ихэнх нутгаар 0.0-11.0мм, бусад хугацаанд зарим нутгаар 0.0-1.0мм хур тунадас (2 дугаар зураг) оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Цагаан-Уул, Мөрөн, Галт сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 3-14м/с, 13, 18, 19-нд ихэнх нутгаар үе үе 12-21м/с, бусад хугацаанд зарим нутгаар үе үе 12-18м/с хүрч ширүүссэн.
Бэлчээрийн ургамал: 5 дугаар сарын 20-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал Дархадын хотгор болон Цагаан-Уул сумдын нутгаар ургалт муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, ихэнх нутгаар ургалт дунд буюу ургамал оройтож цухуйсан, Ханх болон нутгийн өмнөд, зүүн өмнөд хэсгийн зарим сумдын нутгаар хэвийн (3 дугаар зураг) байна.