Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 8 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 14.1-17.0 градус, бусад нутгаар 17.1-20.6 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 1.1-3.8 градусаар дулаан байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө +5...+12 градус, өдөртөө +17...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+16 градус, өдөртөө +23...+30 градус дулаан байв.
Тунадас: 01, 02-нд ихэнх нутгаар 0,4-44,0мм усархаг бороо, 05-нд ихэнх нутгаар 0,0-16,6мм, бусад хугацаанд зарим нутгаар 0,0-18,0мм дуу цахилгаантай аадар бороо, бороо (2 дугаар зураг) оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Ханх, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Хатгал, Баянзүрх, Арбулаг, Цэцэрлэг, Цагаан-Уул сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: Их төлөв баруун, баруун хойноос секундэд 2-14 метр, зарим нутгаар борооны өмнө үе үе секундэд 12-20 метр хүрч ширүүсэв.
Бэлчээрийн ургамал: 8 дугаар сарын 10-ны байдлаар зуншлагын байдал Баянзүрх, Хатгал, Төмөрбулаг, Жаргалант сумдын нутгаар дунд, бусад нутгаар сайн (3 дугаар зураг) байна.