Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 1 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр 23.1-30.0 градус, бусад нутгаар 16.1-23.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Ханх, Цагаан-Уул сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.1-5.2 градусаар дулаан байлаа.
13, 14-нд нийт нутгаар хүйтэрч Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -37...-43 градус, өдөртөө -26...-36 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-37 градус, өдөртөө -14...-24 градус хүйтэн байсан бол бусад хугацаанд Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -23...-38 градус, өдөртөө -12...-28 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-31 градус, өдөртөө -9...-19 градус хүйтэн байв.
Тунадас: 11, 12, 19-нд зарим нутгаар 0.0-5.0мм, 15-нд Цагааннуурт 0.4мм, 17-нд Цэцэрлэгт 0.3мм, 18-нд ихэнх нутгаар 0.0-0.7мм цас (2 дугаар зураг) орсон. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн баруун хэсэг болон Ханх, Шинэ-Идэр, Жаргалант сумдын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон.
Салхи: Их төлөв баруунаас 1-14м/с, 18-нд ихэнх, бусад хугацаанд зарим нутгаар түр зуур секундэд 11-20 метр хүрч ширүүслээ.
Цасан бүрхүүл: 1 дүгээр сарын 20-ны байдлаар цасны дундаж зузаан өндөрлөг уулсаар 20см-ээс их, Дархадын хотгор, Хатгал, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Цэцэрлэг сумдын нутгаар 10-20см, нягт нь 0,11-0,28гр/см3, Ханх, Эрдэнэбулган, Тариалан сумдын нутгаар 6-9см, нягт нь 0,12-0,14гр/см3, бусад нутгаар 1-5см, гуу жалга, хунгарласан газартаа 15-31 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд (Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ХААЦУСХэлтэс) үнэлгээ хийхэд Цэцэрлэгт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байдалтай байна.