Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 2 дугаар сарын эхний арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон баруун хойд хэсгээр 24.2-33.3 градус, бусад нутгаар 15.2-24.1 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу Цагаан-Үүр, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Чандмань-Эрдэнэ сумдын нутгаар олон жилийн дунджаас дулаан, Тариалан, Эрдэнэбулган, Рашаант, Их-Уул, Улаан-Уул сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.3-5.0 градусаар хүйтэн байлаа.
Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 33-42 градус, өдөртөө 17-31 градус, бусад нутгаар шөнөдөө 22-33 градус, өдөртөө 10-19 градус хүйтэн байв. 6-наас ихэнх нутгаар хүйтний эрч 3-10 градусаар суларлаа.
Тунадас: 10-нд ихэнх нутгаар 0.0-0.8мм цас оров. (2 дугаар зураг)
Салхи: 10 хоногийн эхний хагаст нийт нутгаар тогтуун байсан бол 2 дугаар хагаст их төлөв баруунаас 1-9м/с, 8-нд Төмөрбулагт түр зуур 12м/с хүрч ширүүссэн.
Цасан бүрхүүл: 2 дугаар сарын 10-ны байдлаар цасны дундаж зузаан Дархадын хотгор, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдын нутгаар 9-17см, нягт нь 0,12-0,21гр/см3, бусад нутгаар 1-8см цастай, Төмөрбулаг сумын нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.