Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2021 оны 8 дугаар сарын 3-р арав хоногийн усны түвшний тойм мэдээ
2021 оны 8 дугаар сарын 3 дугаар Арав хоногт: Ихэнхи гол мөрнүүд үерийн аюултай түвшинг давж хүчтэй үерлэлээ. Гол эргээ халих үеийн түвшинг аюултай түвшин гэдэг.
Хангайн нурууны араас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчрээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 5-45 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш үерийн түвшинг 20-90 см-ээр давж үерлэсэн байна. 8 дугаар сарын 25-ний өдөр үерийн аюултай түвшинг 10 см-ээр давж үерлэлээ.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 5-20 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш үерийн түвшинг 10-25 см-ээр даван үерлэж үерийн байдалтай байв.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дундаж түвшнээс 15-30 см-ээр ахиу, Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-25 см-ээр хэлбэлзэж, хугацааны эхээр олон жилийн дунджаас 25-60 см-ээр ахиу байв. 8 дугаар сарын 23-25-ний өдрүүдэд усны түвшин нэмэгдэж үерийн түвшинг 5 см-ээр даван үерлэсэн байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 5-75 см-ээр хэлбэлзэж, 8 дугаар сарын 21-27-ний өдрүүдэд үерийн аюултай түвшинг 5-40 см-ээр давж, эргээ халин хүчтэй үерлэсэн. 8 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд усны түвшин бага зэрэг багассан хэдий ч үерийн түвшинг 50-85 см-ээр давж үерлэж байгаа хэвээр байна.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд 10-30 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш үерийн түвшнээс 55-160 см-ээр ахиу үертэй байв. 8 дугаар сарын 23-24-ний өдөр үерийн аюултай түвшинг 10-25 см-ээр давж хүчтэй үерлээд байна.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-30 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дундаж түвшнээс 55-150 см-ээр ахиу байв. 8 дугаар сарын 22-26-ний өдрүүдэд үерийн түвшинг 10-20 см-ээр давж үерлэсэн.
- Бэлтэс голын усны түвшин Баянзүрх сумын төв орчимд хоногт 5-20 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш үерийн түвшинг 45-105 см-ээр давж хүчтэй үерлэлээ. 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд үерийн аюултай түвшинг 5-25 см-ээр давж хүчтэй үерлэсэн байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-40 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш үерийн түвшинг 20-60 см-ээр давж үерлэсэн байна.
Ихэнх гол мөрнүүдийн усны түвшин бага зэрэг буурч байгаа хэдий ч үерийн түвшинг даван үерлэж байгаа хэвээр байна. Цаашид ч гэсэн түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул нийт ард иргэд, малчид, тээвэрчид, хадланчдыг болзошгүй үер усны аюулаас байнга сэрэмжтэй байж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө