Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2021 он 8 дугаар сарын 2-р арав хоногийн усны түвшний тойм мэдээ
2021 оны 8 дугаар сарын 2 дугаар Арав хоногт: Ихэнхи гол мөрнүүд үерийн түвшинг давж хүчтэй үерлэлээ.
Хангайн нурууны араас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчрээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 5-85 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дунджаас 110-265 см-ээр ахиу байлаа. 8 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд усны түвшин огцом нэмэгдэж үерийн түвшинг 30-115 см-ээр давж үерлэлээ.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 5-20 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 40-75 см-ээр ахиу байв. 8 дугаар сарын 19-ний өдөр үерийн түвшинд хүрч үерлээд байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дундаж түвшнээс 10-35 см-ээр ахиу, Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж, хугацааны эхээр олон жилийн дунджийн орчим, хугацааны сүүлээр усны түвшин нэмэгдэж олон жилийн дунджаас 10-15 см-ээр ахиу болоод байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 5-145 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш үерийн түвшинг 5-200 см-ээр давж үерийн байдалтай байв. 8 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд үерийн аюултай түвшинг 75-160 см-ээр давж хүчтэй үерлэсэн байна.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд 5-80 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш үерийн түвшнээс 5-130 см-ээр ахиу үертэй байв. 8 дугаар сарын 19-ний өдөр үерийн аюултай түвшинг давж үерлээд байна.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дундаж түвшнээс 25-65 см-ээр ахиу байв.
- Бэлтэс голын усны түвшин Баянзүрх сумын төв орчимд хоногт 5-160 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш үерийн түвшинг 10-200 см-ээр давж хүчтэй үерлэлээ. 8 дугаар сарын 18-20-ний өдрүүдэд үерийн аюултай түвшинг давж үерлэсэн байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-20 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дундаж түвшнээс 10-50 см-ээр ахиу байв. 8 дугаар сарын 18-20-ний өдрүүдэд үерийн түвшинг 5-10 см-ээр давж үерлээд байна.
Ихэнхи хугацаанд түр зуурын болон үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас гол мөрнүүдийн усны түвшин богино хугацаанд нэмэгдэж үерлэж байв. Цаашид ч гэсэн түр зуурын болон үргэлжилсэн бороо орох цаг агаарын урьдчилсан мэдээтэй байгаа тул гуу жалга болон сайраар уруйн үер буух, гол мөрнүүдийн усны түвшин богино хугацаанд нэмэгдэж үерлэх тул малчид, тээвэрчид, болон аялаж амарч яваа ард иргэдийг үер усны аюулаас байнга сэрэмжтэй байж, баталгаат зам гүү, гармаар зорчиж байхыг онцгойлон анхааруулж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө