Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар усны түвшний болон мөсний үзэгдлийн тойм мэдээ
11 дүгээр сарын 1-ний өдрийн Хөвсгөлийн уулсаас усжих Бэлтэс, Шишгэд, Үүр, Уйлган зэрэг голууд болон бусад жижиг голуудад мөсөн зах үүсэх, шингэн зайр урсах, гол хадаалах зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээд байна.
Хөвсгөл нуурт мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд өмнөх 10 хоногоос 15 см-ээр буурсан хэдий ч дунджаас 20 см-ээр ахиу байна. Мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд өмнөх 10 хоногоос 10 см-ээр буурсан ч дунджийн орчим болоод байна. Мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд өмнөх 10 хоногоос 5 см-ээр буурсан бөгөөд дунджаас 10 см-ээр бага байна. Харин Эрдэнэбулган сум орчимд хоногт бараг өөрчлөлтгүй хэвийн байсан бөгөөд олон жилийн дунджийн орчим байна. Эг голд мөсний үзэгдэл тогтвортой ажиглагдаж эхлээгүй байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд өмнөх 10 хоногоос -15 см-ээр буурсан хэдий ч дунджаас 20 см-ээр ахиу байна. Мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд өмнөх 10 хоногоос 20 см-ээр буурсан хэдий ч дунджаас 35 см-ээр ахиу байна. Мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
- Бэлтэс голын усны түвшин Баянзүрх сумын төв орчимд өмнөх 10 хоногоос 5 см-ээр буурсан хэдий ч дунджаас 10 см-ээр ахиу байна. Мөсөн зах үүсэх болон зарим газраар гол хадаалж битүү мөсөн бүрхүүл тогтох мөсний үзэгдэл ажиглагдаж байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд өмнөх 10 хоногоос өөрчлөлтгүй байсан бөгөөд дунджаас 5 см-ээр бага байна. Мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд өмнөх 10 хоногоос 5 см-ээр нэмэгдсэн хэдий ч дунджаас 45 см-ээр бага байна. Мөсөн зах үүсэх болон шингэн зайр урсах мөсний үзэгдэл ажигдаж байна.
Цаашид томоохон гол мөрнүүдэд мөсөн зах үүсэх, зайр гүйх, гол хадаалах зэрэг мөсний үзэгдэл ажиглагдах тул мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.