Цаг уурын мэдээ > Ус судлал
2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн нутгаар урсах томоохон гол мөрнүүдийн мөсний зузааны тойм мэдээ
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн ус судлалын харуулуудын ажиглалтын цэгийн мэдээгээр:
Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 2 дугаар сарын 21-ний үед дунджаар 105 см орчим зузаантай байдаг бөгөөд одоогоор 100-110 см болсон нь дунджийн орчим байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ гол Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд харзтай, мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд энэ үед 55 см зузаантай байдаг. Одоогоор мөсний зузаан 90 см байгаа нь энэ үеийн дунджаас 35 см-ээр ахиу байна.
Хангайн нуруунаас усжих Идэр голын мөсний зузаан Галт сумын Зүрх баг орчимд дунджаар 120 см байдаг бөгөөд одоо 100 см байгаа нь дунджаас 20 см-ээр бага байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг гол Хатгал тосгон орчимд буюу Хөвсгөл нуурын хоолой хэсэгт мөсний зузаан 30 см маш нимгэн байна. Эг гол Хатгал тосгоны модог гүүрнээс дээш гол харзтай задгай байна. Харин Эрдэнэбулган сум орчимд мөсний зузаан энэ үед 70 см байдаг бөгөөд одоогоор 75 см байгаа нь дунджаас 5 см-ээр их байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын мөсний зузаан Мөрөн сум Хилэнтийн гүүр орчимд мөн үед дунджаар 120 см зузаантай байдаг бөгөөд одоогоор 110 см байгаа нь дунджаас 10 см-ээр бага байна.
- Үүр голын мөсний зузаан Цагаан-Үүр сумын төв орчимд мөн үед 125 см орчим байдаг бөгөөд одоогоор 140 см болсон нь дунджаас 15 см-ээр ахиу байна.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд гол ёроолдож хөлдсөн байгаа бөгөөд мөсний зузаан 80 см болсон нь энэ үеийн дунджийн орчим байна.
- Бүгсий голын мөсний зузаан Төмөрбулаг сумын төв орчимд 30 см болсон бөгөөд энэ үеийн дунджаас 5 см-ээр ахиу байна. Харз бүхий мөсөн бүрхүүлтэй байна.
- Шишгэд голын мөсний зузаан Рэнчинлхүмбэ сум орчим мөн үед 135 см зузаантай байдаг бөгөөд одоогоор 125 см болсон нь дунджаас 10 см-ээр бага байна.
Иймд: Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн, мал явах болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй, нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул Иргэд, тээвэрчид, малчид гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байж, болзошгүй эрсдлэээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-өөс анхааруулж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө