Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрөн, нуурын 2022 оны 4 дүгээр сарын 2-р Арав хоногийн усны түвшний тойм мэдээ
Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 105-120 см байгаа хэдий ч мөсний нягт багасаж, хэврэгшиж байна. Мөн мөсөн дээгүүр шар устай, зарим газар усан хилтэй байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 5-60 см-ээр ахиу байв. Мөсөн захтай болсон бөгөөд мөс байрандаа хайлж байна.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 5-55 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-40 см-ээр ахиу байна. 10 хоногийн эхний хагаст мөсөн зах, шингэн цөн түрэх мөсний үзэгдэл ажиглагдаж байв.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 15-20 см-ээр бага байна. Харин Эрдэнэбулган сум орчимд усны түвшин 0-30 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дунджаас 20-65 см-ээр ахиу байв. Мөсөн зах ажиглагдаж байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 10-20 см-ээр бага байв. Мөсөн захтай байна.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж байв. Мөсөн зах болон усан захтай байна.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж байв. Битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн дээгүүр ус урсах мөсний үзэгдэл ажиглагдаж байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 10-40 см-ээр ахиу байв. Тус голд битүү мөсөн бүрхүүл задарч мөсөн зах үүсэн бөгөөд мөс байрандаа хайлж байна.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-20 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 90-120 см-ээр ахиу байв. Мөн битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд усан зах болоод мөсөн дээгүүр ус урсах мөсний үзэгдэл ажиглагдаж байна.
Томоохон гол мөрнүүдийн мөсөн бүрхүүл задарч мөсөн дээгүүр тээвэр хийх боломжгүй болсон тул малчид, тээвэрчид болон нийт ард иргэдийг баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна. Мөн дээр дурдагдсан гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө