Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2022 оны 4 дүгээр сарын 1 дүгээр 10 хоногийн усны түвшний болон мөсний үзэгдлийн тойм мэдээ
Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 105-120 см байгаа хэдий ч мөсний нягт багасаж, хэврэгшиж байна. Мөн мөсөн дээгүүр шар устай байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 10-55 см-ээр ахиу байв. 4 дүгээр сарын 10-ний өдрийн байдлаар битүү мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болсон шингэн цөн урсч байна.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-45 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 50-100 см-ээр ахиу байна. Мөс хөдлөж, шингэн цөн түрж байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 15-20 см-ээр бага байна. Мөсөн зах ажиглагдаж байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-20 см-ээр бага байв. Мөсөн захтай байна.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 0-20 см-ээр хэлбэлзэж байв. Битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсөн дээгүүр ус урсч байна.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин хоногт 1-15 см-ээр хэлбэлзэж байв. Битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн дээгүүр ус урсах мөсний үзэгдэл ажиглагдаж байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 30-40 см-ээр ахиу байв. Тус голд битүү мөсөн бүрхүүл задарч мөсөн зах үүсэн байна.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 85-95 см-ээр ахиу байв. Мөн битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсөн дээр шар ус урсч байна.
Томоохон гол мөрнүүдийн мөсөн бүрхүүл задарч мөсөн дээгүүр тээвэр хийх боломжгүй болсон тул малчид, тээвэрчид болон нийт ард иргэдийг баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна. Мөн дээр дурдагдсан гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.