Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2022 оны 5 дугаар сарын 1-р Арав хоногийн усны түвшний тойм мэдээ
Хугацааны эхэн үед томоохон гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдэж Үүр, Идэр, Бэлтэс зэрэг голууд үерийн түвшинг давж үерлэсэн байна.
Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 100-115 см байгаа хэдий ч мөсний нягт багасаж, хэврэгшиж байна. Мөн нуурын зарим хэсгээр усан захтай, мөс харлах, усан хил гарах зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 5-35 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 5-75 см-ээр ахиу байв.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 5-30 см-ээр хэлбэлзэж, 5-9-ний өдрүүдэд үерийн түвшинг 5-30 см-ээр давж хүчтэй үерлэсэн байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт 0-5 см-ээр, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 5-10 см-ээр их байна. Харин Эрдэнэбулган сум орчимд усны түвшин хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дунджаас 25-30 см-ээр ахиу байв. Мөсөн зах ажиглагдаж байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 5-45 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн эхээр олон жилийн дунджаас 30-40 см-ээр бага, хугацааны сүүлээр 5-15 см-ээр ахиу байв.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 5-25 см-ээр нэмэгдэж, олон жилийн дунджаас 30-80 см-ээр ахиу байв.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин хоногт 5-50 см-ээр хэлбэлзэж, 2-4-ний өдрүүдэд үерийн түвшинг давж үерлэсэн байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-30 см-ээр ахиу байв.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн эхээр олон жилийн дунджаас 10-35 см-ээр ахиу байв.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө