Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2023 оны 4 дүгээр сарын 2-р Арав хоногийн усны түвшний болон мөсний зузааны тойм мэдээ


4 дүгээр сарын 2-р Арав хоногт: Хөвсгөл аймгийн нутгаар урсах томоохон гол мөрнүүдийн мөсөн бүрхүүл задарч цөн түрэх, мөсөн зах үүсэх зэрэг мөсний үзэгдэл ажиглагдлаа.
Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан 110-120 см байгаа бөгөөд мөсний нягт багасаж, хэврэгшиж байна. Нуурын мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-10 см-ээр өөрчлөгдөж байсан бөгөөд арав хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 15-30 см-ээр бага байлаа. Мөн мөсөн бүрхүүл задарч, цөн түрэх, мөсөн зах үүсэх зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байлаа.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш дунджаас 35-45 см-ээр бага байлаа. 15-ний өдөр мөс хөдөлж, цөн түрээд байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон болон Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-25 см-ээр бага байв. Эг голын мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болоод байгаа бөгөөд зарим өдөр цөн түрсэн байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-10 см-ээр бага байлаа. Мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болсон бөгөөд зарим өдрүүдэд шингэн цөн урсч байлаа.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 0-5 см-ээр өөрчлөгдөж байв. Хугацааны турш харз бүхий мөсөн бүрхүүлтэй байв.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин 0-10 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дунджаас 15-25 см-ээр ахиу байв. 10 хоногийн турш битүү мөсөн бүрхүүлтэй байв.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджийн орчим байв. Мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болоод байна.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд 0-10 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 10-20 см-ээр бага байв. Хугацааны турш мөсөн бүрхүүлтэй байв.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
ХӨВСГӨЛ УЦУОШТ, УС СУДЛАЛЫН ӨРТӨӨ