Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2023 оны 5 дугаар сарын 1-р Арав хоногийн усны түвшний тойм мэдээ


5 дугаар сарын 1-р Арав хоногт: Үүр гол үерийн түвшинг даван үерлээд байна.
Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан 100-115 см байгаа бөгөөд мөсний нягт багасаж, хэврэгшээд байна. Мөн мөсөн бүрхүүл дээрх цас хайлж мөс дээгүүр устай болоод байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-15 см-ээр өөрчлөгдөж байсан бөгөөд арав хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 15-35 см-ээр бага байлаа.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш дунджаас 5-25 см-ээр ахиу байлаа.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд бараг өөрчлөлтгүй байсан бөгөөд хугацааны турш олон жилийн дунджаас 5 см-ээр ахиу байв. Харин Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-10 см-ээр бага байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 35-60 см-ээр бага байлаа.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 0-30 см-ээр өөрчлөгдөж байв. 5 дугаар сарын 10-ний өдөр үерийн түвшинг даван үерлэв.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин 0-20 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дунджаас 5-25 см-ээр ахиу байв.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд олон жилийн дунджаас 20-25 см-ээр ахиу байв.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд 0-35 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн эхээр олон жилийн дунджаас 5-100 см-ээр ахиу, хугацааны сүүлээр усны түвшин буурч олон жилийн дунджийн орчим болоод байна.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө