Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2022 оны 4 дүгээр сарын 3 дугаар 10 хоногийн усны түвшний болон мөсний үзэгдлийн тойм мэдээ


4 дүгээр сарын 3-р Арав хоногт ихэнхи томоохон гол мөрнүүд мөснөөс бүрэн чөлөөлөгдөөд байна.
Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 100-115 см байгаа хэдий ч мөсний нягт багасаж, хэврэгшиж байна. Мөн усан зах, мөс харлах, зарим газар усан хилтэй байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 20-40 см-ээр ахиу байв.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 10-30 см-ээр ахиу байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт өөрчлөлтгүй, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 10-15 см-ээр бага байна. Харин Эрдэнэбулган сум орчимд усны түвшин хоногт өөрчлөлтгүй, олон жилийн дунджаас 25-30 см-ээр ахиу байв. Мөсөн зах ажиглагдаж байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн эхээр олон жилийн дунджаас 10 см-ээр ахиу, хугацааны сүүлээр 10 см-ээр бага байв.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 5-25 см-ээр хэлбэлзэж байв.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин хоногт 5-25 см-ээр хэлбэлзэж байв. Битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн дээгүүр ус урсах мөсний үзэгдэл ажиглагдаж байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв хоногт өөрчлөлтгүй байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5 см-ээр ахиу байв.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-50 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн эхээр олон жилийн дунджаас 30-120 см-ээр ахиу, сүүлээр 20-40 см-ээр бага байв.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
УЦУОШТ, Ус судлалын өртөө