Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 1 дүгээр сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр -20.1...-29.6 градус, бусад нутгаар -13.2...-20.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас 1.3-6.8 градусаар дулаан байлаа.
Ихэнх хугацаанд Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -26...-36 градус, өдөртөө -22...-30 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-24 градус, өдөртөө -6...-16 градус хүйтэн байсан бол 6-нд нийт нутгаар хүйтэрсэн.
Тунадас: 3, 4, 9-нд Цагааннуурт 0.0-0.6мм, 7-нд Арбулагт 0.2мм, 10-нд зарим нутгаар 0.0-0.9мм цас (2 дугаар зураг) орлоо. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цагааннуур, Улаан-Уул сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 2-10м/с, 3, 10-нд зарим нутгаар, 4-нд Рашаант, Эрдэнэбулганд түр зуур 12-18м/с хүрч ширүүсэн явган цасан шуурга шуурав.
Цасан бүрхүүл: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 1 дүгээр сарын 10-ны байдлаар цасны дундаж зузаан Дархадын хотгор, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдын нутгаар 10.1-38.0 см, цасны нягт нь 0.17-0.38гр/см3, Баянзүрх, Түнэл, Чандмань-Өндөр, Тариалан сумдад 5.1-10.0 см 0.12-0.16гр/см3 , бусад нутгаар 1.0-5.0 см зузаан цастай (3 дугаар зураг) байв.
1 дүгээр сарын эхний арав хоногийн байдлаар Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гээс зудын байдалд үнэлгээ хийхэд Цагаан-Уул, Цэцэрлэг, Галт цасны нягт 0.35-0.47гр/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, Жаргалант, Улаан-Уул сумд зузаан цастай нь улмаас цагаан зудын, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Цагаан-Үүр, Шинэ-Идэр сумдад цагаанаар зудархуу байдалтай байна.