Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 7 дугаар сарын эхний арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун өмнө, баруун болон хойд хэсгээр 13,6-17,5 градус, бусад нутгаар 17,6-21,2 градус дулаан (1 дүгээр зураг) буюу Баянзүрх, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Жаргалант, Эрдэнэбулган, Рашаант сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1,1-3,6 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр нийт нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-22 градус дулаан байсан бол 4-нөөс дулаарч нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-16 градус, өдөртөө 25-34 градус дулаан байв. 10-нд нийт нутгаар өдөртөө сэрүүн байлаа.
Тунадас: 4-7-нд зарим нутгаар 0,0-6,0мм, бусад хугацаанд ихэнх нутгаар 0,0-35,0мм дуу цахилгаантай аадар бороо, бороо орлоо. Хамгийн их нь 2-нд Арбулаг суманд 35.0мм бороо оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн баруун өмнө хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон.
Салхи: Салхи ихэнх хугацаанд баруун болон баруун хойноос 2-10м/с, хугацааны эхэн болон эцсээр зарим нутгаар борооны өмнө үе үе 12-20м/с хүрч ширүүссэн.
Бэлчээрийн ургамал: 7 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгаар зуншлагын байдал хэвийн сайн (3 дугаар зураг) байна.