Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 4 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг мөн Шинэ-Идэр, Жаргалант орчмоор 7.0-11.0 градус, бусад нутгаар 11.1- 15.0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 5.1-9.5 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байсан бол бусад хугацаанд дулаарч нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 25-30 градус дулаан байлаа.
Тунадас: 30-нд Эрдэнэбулганд 0,0 мм аадар бороо оров. Бусад нутгаар хур тунадас (2 дугаар зураг) ороогүй.
Салхи: их төлөв баруун хойноос 1-14 м/с, зарим нутгаар үе үе 12-14 м/с, 30-нд ихэнх нутгаар үе үе 15-17 м/с хүрч ширүүсэн явган шороон шуурга шуурав.
Бэлчээрийн ургамал: Бэлчээрийн ургамлын ургалт 4 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цухуйсан буюу нутгийн өмнөд болон зүүн хэсгээр сайн буюу ургалт хэвийн явагдаж байгаа боловч мал ногоонд цадах боломж муу, бусад нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан, ургалт удааширч, мал ногоонд цадах боломж муутай, ганц нэг сумдын нутгаар ургамал цухуйгаагүй (3 дугаар зураг) мэдээтэй байна. Энэ арав хоногт нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ороогүй нь хуурайшуулж, бэлчээрийн ургамлын ургалтыг удаашруулсан.
МАА-н үйлдвэрлэлд мал төллөх, хөөвөр хялгас авах, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байна. Манайд ирүүлсэн мэдээгээр 4 дүгээр сард аймгийн хэмжээнд 67 мянга гаруй толгой мал хорогдсон байна.