Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 04 дүгээр сарын эхний арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор, Баянзүрх, Арбулаг, Цэцэрлэг, Жаргалант орчмоор 0,6-3,2 градус хүйтэн, бусад нутгаар 0,3-5,4 градус дулаан /1 дүгээр зураг/ буюу олон жилийн дундажтай харьцуулбал Жаргалант сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 2,1-5,4 градусаар дулаан байлаа.
Хугацааны дунд үеэр нийт нутгаар өдөртөө сэрүүсч нутгийн баруун болон хойд хэсгээр 1-6 градус бусад нутгаар 7-12 градус дулаан байсан бол бусад хугацаанд нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 13-18 градус дулаан байлаа.
Тунадас: 6, 7, 8-нд зарим газраар 0,0-4,0 мм, 9-нд Жаргал, Галтад 0,0-0,5 мм хур тунадас / 2 дугаар зураг/ орлоо.
Салхи: 5, 6-нд зүүнээс 9-14 м/с, ихэнх нутгаар түр зуур 12-22 м/с, 7, 8-нд зарим газраар 12-17 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурсан. Бусад хугацаанд баруун өмнөөс 1-6 м/с салхитай байлаа.
Цасан бүрхүүл: 2020 оны 04 дүгээр сарын 10-ны байдлаар Цэцэрлэг сумын нутгаар цасны дундаж зузаан 0-15 см, Цагааннуур сумын нутгаар 0-5 см цастай, бусад нутгаар цасгүй байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
Энэ арав хоногт бэлчээрийн ургамал Тариалан, Рашаант, Эрдэнэбулган, Галт, Шинэ-Идэр зэрэг сумдад цухуйж эхлэсэн бөгөөд ургалтын байдал зарим газарт сайн байна.
МАА-н үйлдвэрлэлд мал төллөх, малд нэмэгдэл тэжээл өгөх, хөөвөр хялгас авах ажил явагдаж байгаа бол газар тариалан бүхий зарим газарт хаврын хагалгаа, цэнэг усалгаа хийх зэрэг ажил явагдаж байна.