Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн төв болон өмнөд хэсгээр 12,3-16,0 градус, бусад нутгаар 16,1-21,7 градус хүйтэн /1 дүгээр зураг/ буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1,2-6,9 градусаар хүйтэн байлаа.
12, 13, 17, 18-нд хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Үүрийн голуудын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус хүйтэн, бусад хугацаанд Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байв. 12, 17, 18-нд өдөртөө Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байсан бол бусад хугацаанд Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байв. 11, 13, 15-нд нийт нутгаар өдөртөө дулаан байв.
Тунадас: 11-нд нийт нутгаар 0,0-6,0мм, хугацааны эхний хагаст зарим нутгаар 0,0-10,1мм, 16-нд Ханх, Рэнчинлхүмбээс бусад нутгаар 0,0-8,0мм цас орсон. Хамгийн их нь 12-нд Их-Уулд 10,1мм цас оров. /2 дугаар зураг/. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Рэнчинлхүмбэ, Ханх сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджаас ахиу хур тунадас орсон.
Салхи: 15-нд болон хугацааны сүүлчээр нийт нутгаар 1-10м/с, бусад хугацаанд 2-16м/с салхитай, 11-нээс 17-ныг хүртэлх хугацаанд зарим нутгаар 12-17м/с хүрч ширүүсэн явган цасан шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 11 дүгээр сарын 20-ны байдлаар Шинэ-Идэр, Жаргалант, Их-Уул, Чандмань-Өндөр сумдын нутгаар цасны дундаж зузаан 10-11 см, нягт нь 0,09-0,22 гр/см3, Цэцэрлэг, Цагаан-Уул, Галт сумдын нутгаар болон нутгийн зүүн хэсгээр 5-9 см, нягт нь 0,09-0,17 гр/см3, бусад нутгаар 0-4 см цасан бүрхүүлтэй /3 дугаар зураг/ байна.
Тойм мэдээ бичсэн инженер Л.Байгалмаа